Sunday, November 11, 2007

Хотжилт, Монгол …

Сүүлийн 10-аас 15 жилийн хооронд Монгол оронд маань хотжилт гэдэг ухагдахуун жинхэнэ утгаараа хэрэгжиж, өнөөдөр монгол орны 3 саяд дөхөж буй ард түмний маань бараг талаас илүү хувь нь Улаанбаатар хотод сурч боловсорч, ажиллан амьдарч байна. Энэ тоо баримт ихсэнэ үү гэхээс багасахгүй нь мэдээж. Хөдөө орон нутагт буй ажилгүйдэл, ядуурал нийслэл хотын ард иргэдийг өдрөөс өдөрт өсөн нэмэгдүүлсээр байна. Энэ хирээр Монгол орны газар нутаг эзгүйрч хот гэдэг энэ их айлын жижигхэн суурин дээр хүн амын нягтрал ихэссээр байна.
Саяхныг хүртэл барууны гэж нэрлэгддэг байсан тэр өндөр хөгжил, шинжлэх ухааны дэвшилтэт ололт, нээлтүүд одоо дэлхийн аль ч хэсэгт мэдрэгдэж танигдах болсон XXI зууны эхлэл өнөө үед нөлөөлсөн хамгийн том хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй хотжилт юм. Хотжилт бол ямар нэгэн улсын хөгжлийн үндсэн том шалгууруудын нэг гэдгийг олон баримтаас харж болно. Хотжилтыг дагаад эдийн засгийн идэвхтэй орчин бүрдэж, худалдаа үйлдвэрлэл гэх мэт амин чухал баталгаат нийгмийн суурь тавигддаг. Энэ ч утгаараа хотжилт бол сүүлийн хэдхэн жилийн хооронд монгол орны дүр төрхийг өөрчилсөн хүчин зүйлсийн нэг байлаа.
Харин манай орон шиг цөөхөн хүн амтай, хөгжиж буй орны хувьд дутуу дулимаг бодлогоор явуулсан хотжилтын сөрөг нөлөө ямар байх бол?
Дэлхийн зарим орны томоохон хотуудын нэгхэн дүүргийн хүн амаас ч бага тооны иргэдтэй манай орны хувьд нэг цэгт төвлөрөн байрлах нь монгол орны цаашдын оршин тогтнохтой ч холбоотой байж болох талтай юм.
Хэзээ ч байгаагүйгээр хөгжлийн бөөм явагдаж байгаа Хятад, цэрэг зэвсгийн хүчээрээ дэлхийд тэргүүлдэг Орос гэсэн хоёр гүрний дунд байрладаг манай орны бүхий л тэргүүлэх боловсон хүчин, дэвшилтэт техник технологи, эмнэлэг, сургуулиуд Улаанбаатар хотод байрладаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл нийслэл хот маань манай орны цорын ганц хөдөлгүүр мотор юм.
Хэрвээ нэг шөнийн дотор нийслэл хот маань байхгүй болчихлоо гэж төсөөлөх юм бол Монгол орны хөгжил дэлхийн хөгжлөөс дахиад хэдэн арав магадгүй хэдэн зуун жилээр ч хоцрох магадлал бийг үгүйсгэх аргагүй.
Хүйтэн дайны дараа хүмүүнлэг, энх тайвны цаг ирсэн боловч ямар ч улс орон халдашгүй дархан байдлаа хүчирхэг гүрнээр төвөггүйхэн хөндүүлж болохыг Америк, Иракийн дайнаас харж болох юм. Хэдийгээр Нэгдсэн Үндэстний Байгууллага болон дэлхийн олон орнууд энэ бүгдэд эсрэг байр суурьтай байсан хэдий ч дайны шийдвэрт нөлөөлөх зүйлс төдийлөн хийж чадаагүйг бид бүгд мэднэ. Энэ бол дэлхийн өнөө цагийн хэд хэдэн хүчирхэг гүрнүүд өөрийн ашиг сонирхлын үүднээс хэзээ ч хэн рүү ч дайран довтлоход бэлэн байдаг гэдгийг харуулж байна гэж хэлж болох юм. Гагцхүү энэ бүгдэд хангалттай учир шалтгаан л хэрэгтэй байдаг нь тодорхой. Энэ ч утгаараа байгалийн баялаг нөөцөө бараг саяхнаас нээн олж, ашиглаж байгаа гэж хэлж болох манай орны хувьд олон улсын сонирхлыг татах нь зүй ёсны хэрэг бөгөөд тэр дундаа хойд урд хөршийнхөө анхаарлын төвд илүү их байр суурь эзлэх болов уу. Мэдээж энхийн, албан ёсны харилцаагаар бүхнийг шийддэг болсон өнөө үед хоёр хөршөөсөө маш олон салбарт шууд хамааралтай байдаг манайх шиг оронд хүндрэлтэй асуудлууд ихээр тулгарах болов уу.
Үүнээс гадна дэлхийн цаг агаар урьд өмнө ажиглагдаж байгаагүйгээр хурдан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед өдөр бүр манай дэлхийн аль нэг хэсэгт байгалийн гамшиг тохиолдож байна. Хүний буруу үйл ажиллагаанаас болон хурдацтай явагдаж байгаа энэ үйл явц хэнд, хэзээ тохиолдохыг хэн ч хэлж мэдэхгүй бөгөөд монголчууд биднийг шууд болон шууд бусаар дайрах магадлал өдөр ирэх тусам ихэсч байна. Урд хөршид маань үер болж газар хөдлөхөд манайд өлсгөлөн болж юмны үнэ тэнгэрт хадахыг үгүйсгэхгүй.
Бидний хувьд байгалийн гамшиг ч бай, гадны халдлага дайралт ч бай, өвчин тахал ч бай дайрч болохгүй хамгийн чухал газар бол Улаанбаатар хот юм. Одоогийн Монгол орны оршин тогтнох хувь заяа цор ганц энэ хотоос шалтгаалж байна гэж хэлэхэд болох бөгөөд үүнтэй зэрэгцэн Улаанбаатар хотын ард иргэдийн эрүүл мэндийн болон аюулгүй байдлын асуудал яах аргагүй чухал юм. Гэтэл нийслэл хотын агаарын бохирдол өвлийн улиралд гамшигийн байдалтай байна гэж хэлж болохоор байгаа юм.
Энэ бүгдээс харахад зөвхөн Улаанбаатар төвтэй бус Дархан, Эрдэнэт мөн олон олон том жижиг хотууд, аймгийн төвүүдийг монгол орны өнцөг булан бүрт хөгжүүлэн дэмжиж, ажлын байр, хөнгөлөлт тусламжуудыг бий болгож, шинэ төсөл, захирамж тогтоолуудыг хэрэгжүүлэх нь юуны түрүүнд бодууштай зүйл юм. Хэрвээ бид нийслэл хотдоо цаашид энэ хэвээрээ төвлөрөн суурьшсаар байвал миний бодлоор эх орны маань ирээдүй улам ээдрээтэй болсоор байх болов уу?
Б.Баттөмөр

1 comment:

Ari2525 said...

This is a very nice Feng Shui Website.
It provides a lot of Feng Shui Tips. I like it!!